Banner 04

Ямар Д витамин хамгийн сайн бэ?

Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай 13 аминдэм байдгийн нэг нь Д аминдэм юм (тосонд уусдаг 4 аминдэмийн нэг). Хүүхдийн сульдаа хэмээх ясны хүнд эмгэгийн шалтгаан, эмчилгээг судлах явцад 1920 онд Д аминдэмийг анх нээсэн билээ. Энэ үеэс хойш хүүхэд энэхүү эмгэгийн хүнд хэлбэрээр өвчлөх нь эрс ховордсон гэж үздэг. Нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар хүний арьсанд Д витамин нийлэгждэг бөгөөд кальцийг хоол боловсруулахзамаас цусанд шимэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Д витамины хэмжээ хангалтгүй тохиолдолд хоол хүнсээр орсон кальцийн ердөө 10-15% нь л цусанд шимэгдэнэ гэсэн үг. Цусан дахь кальцийн хэмжээ бага байх нь ясанд очих хэмжээг бууруулж яс зөөлрөн улмаар муруйж тахийх, хэлбэр дүрсээ алдахад хүргэнэ. Түүнээс гадна Д витамин зүрх, булчин, дотоод шүүрлийн булчирхайнуудын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай.
Хүүхдэд 2 долоо хоногтойгоос 2 нас хүртэл Д витамин уулгана. Гэхдээ Д аминдэм өгөх эсэх, тун нь түүний хооллолтоос шууд хамаардаг. Хэдийгээр хөхний сүү хүүхдэд юугаар ч орлуулалшгүй хамгийн сайн хоол боловч ганцхан Д витамины хэрэгцээг л хангаж чаддаггүй. Иймд зөвхөн хөхөөрөө нялхаст Д аминдэмийг заавал өгнө. Харин хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнүүдийг Д витаминаар баяжуулсан байдаг тул холимог болон угжны хүүхдэд эхний хэдэн сар л уулгана. Хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүний 1 л-т агуулагдах Д витамины хэмжээ хүүхдийн хоногийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаг тул ийм хэмжээний тэжээл иддэг болтол нь өгнө гэсэн үг. Хоногтоо 1 л тэжээл идэж эхлэхэд хүүхдэд нэмэлтээр Д витамин өгөх шаардлага байхгүй болно. 
Худалдаанд Д2 (Эргокальциферол) ба Д3 (Холекальциферол) гэсэн 2 төрлийн витамин бий. Д2-ийг ургамалаас гаргаж авдаг, арай идэвхи байгатай бол Д3-ийг амьтнаас гаргаж авдаг илүү идэвхитэй. Хүний арьсанд Д3 нийлэгждэг учир холекальциферол нь илүү натураль гэж ойлгож болно. Түүнчлэн тун нь ихэдсэн тохиолдолд хордлого үүсгэх нь бага гэж үздэг. 
Хүүхэддээ Д витаминыг ямар тунгаар уулгах нь дээр дурдсанчлан улирал, хүүхдийн хооллолт болон нас, амьдарч буй газар орон нутгийн онцлог, дутуу төрсөн, рахитын шинж тэмдэг илэрч буй эсэх зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг тул эмчтэйгээ сайн ярилцаж шийдэх хэрэгтэй